Технологийн хорхойтнууд болон хиймэл оюун ухаант хэлний загвар (LLM) сонирхогч нартаа зориулаад ChatGPT болон Gemini-н шинэчлэлийг тоймлон хүргэж байна. Анхаарна байгаа. 

GPT-4o: Галзуу юм бэ? 

OpenAI 3 хоногийн өмнө ChatGPT-н 4 дэх үе болох GPT-4o-г танилцуулж AI-н ноён оргил гэдгээ батлан харуулав. Тухайлбал, GPT-4о өмнөх хувилбаруудаа бодвол ямар ч мэдээлэл хайсан холбогдох линкийг нь харуулдаг болсон нь хамгийн онцгой шинэчлэл байлаа. Цаашлаад, өмнөхөө бодвол асуултад пан гээд л хариулахын оронд хөөрхөн бясалгаж байгаад хариулдаг болсон байна лээ шүү. Ер нь л амьдралтай улам ойртсон шинэчлэлүүдийг багтаасан харагдав. 

Тайлбарлаад өгье! Жишээ нь, шинэчлэгдсэн хувилбар дээр хэрэглэгч өөр хэл дээрх хоолны цэсийн зургийг оруулбал түүнийг нь орчуулахын сацуу тухайн хоолны үүх түүх, ач холбогдлын талаар мэдээллийг ч өгөх аж. GPT-4o-н гайхамшиг үүгээр дуусахгүй бөгөөд Voice Mode-н тусламжтайгаар хэрэглэгч тус чатботтой дүрсээ харж харилцах, ямар нэг тэмцээний шууд дамжуулалтын үеэр дүрмийг нь тайлбарлуулах боломжтой болсон нь зүгээр солиотой^2. 

Үнэгүй туршаад үз! Гэснээс GPT-4о хэрэглэгчдийн 80 мессежинд 3 цаг тутамд үнэгүй хариулж ид шидээ гайхуулж байгаа. Тэгэхээр төлбөртэй хэрэглэх хэмжээний үнэ цэнтэй байна уу, үгүй юуг нь туршиж үзээд шийдэх нь байна шүү.

Эцэст нь… Gemini-н тухайд 1.5 Pro буюу төлбөртэй хувилбараа нэлээн сайжруулж дэлхийн хамгийн урт буюу 1 сая жетоныг боловсруулах боломжтой болсон гэнэ. Тэртээ 1950 онд компьютерын шинжлэх ухааны эцэг гэгддэг ​Алан Тьюринг машинууд сэтгэж чадах уу, гэх асуултыг дэвшүүлж байв. Өдгөө энэ асуултад тийм гэж хариулах хэмжээнд л AI-ууд хөгжиж байна даа, Бурмаа минь.

Эх сурвалж: https://lemonpress.mn/post/GyWs7PZdjFg