Би сүүлийн хэдэн жилийн турш бизнесийг автоматжуулах, цахим шилжилт хийх ажилтай холбоотойгоор олон газар очиж, олон хүнтэй уулзаж, бүтэлтэй, бүтэлгүй олон тохиолдолтой таарч явсан туршлага дээрээ үндэслэн бизнесийн цахим шилжилт гэж юу болох, ихэнх хүмүүс яагаад, юун дээр алдаад байгаа талаар та бүхэнтэйгээ өөрийн хувийн бодлоо хуваалцахаар шийдлээ. Цахим шилжилт нь өөрөө маш өргөн ойлголт бөгөөд энэ удаад зөвхөн бизнесийн салбарын хүрээнд л ярих болно.

Магадгүй та "цахим шилжилт", "хиймэл оюун ухаан", "блокчэйн" гэх мэт үгийг одоо залхтлаа сонсож байгаа байх. Эдгээр үгийг хэлэхгүй бол тухайн програм, апп, вэб их муу ч юм шиг санагддаг болжээ.

Цахим шилжилтийг энгийн үгээр хэлбэл зүгээр л хувьсах, өөрчлөгдөх тухай ойлголт юм. Энэ нь бизнесийн хувьд шинэ хэрэглэгч олж авах, хэрэглэгчтэй харилцах, санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, бизнес загвар, дотоод процесс гээд бүхий л түвшиндээ уламжлалт арга барилаас салж, шинэ арга барилаар буюу технологид суурилсан байдлаар ажиллаж эхлэх тухай ойлголт юм. Ингээд цахим шилжилтийг бүтэлгүй болгож буй миний анзаарсан дараах хэдэн асуудалтай танилцана уу.

1-р асуудал: Цахим шилжилтийг гоё програм ERP-тэй болчихоод хийнэ гэж ойлгох

Маш олон захирлуудтай уулзаж байхад яг энэ програмыг л авчих юм бол, яг энэ системийг л хийчих юм бол цахим шилжилт болчих юм байна гэж бодож байгаа нь цөөнгүй байна. Тэдний энэ үзэл бодол дээр нь зарим хүмүүс "ажиллаж" тухайн компанид ажилладаг, ажилладаггүй системүүд "шахсан" байгаатай бишгүй таарч байлаа. Хэн нэгэн сайн санаат хүн танайхыг цахим руу шилжүүлээд өгье, шууд энийг л авчих гэж байвал та ятгах тусам нягтлаарай! Энэ нь технологийн асуудал нэгэнт биш бөгөөд бизнесийн модель, процессоо технологийн тусламжтайгаар шинээр зохион байгуулах ажил юм. Хуучин хүний нөөц, хуучин бүтэц, хуучин процесс байсан цагт ямар ч сайн програм хангамж аваад хүссэн үр дүн гарахгүй.

2-р асуудал: Цахим шилжилт бол мэдээллийн технологийн хүний хийх ажил, надад ямар ч хамаагүй гэж ойлгох

"За, энэ манай IT залуу байгаа юм, их сайн залуу, та хоёр сайхан танилцаад хамтраад ажиллана биз ээ, ах нь одоо өөр ажилтай..." гээд л алга болдог. Хэдийгээр цахим гэж байгаа боловч яг үнэндээ IT хүнтэй ямар ч хамаагүй гэж хэлж болно. Энэ бол бизнес модель процессоо технологи ашиглаж шинээр зурах ажил болохоос биш IT хүний худалдан авалтын ажил ерөөсөө биш. Ер нь манай захирлууд энэ IT хүн гэдэг дээр ойлголтоо цэгцлэхгүй бол янз янзаар ойлгоод байгаа харагддаг. Ихэнх газар тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж буй хүнээ л ингэж нэрлээд байх шиг байгаа юм.

3-р асуудал: Буруу хүлээлт, уламжлалт сэтгэлгээ

Мэдээж суурь асуудлаа ойлгоогүй эхлэхээр байдал бишдэх нь ойлгомжтой... Тэгээд IT хүнээ дуудаж нэг асууна, "хулхи" програм зарсан газартаа уурлаж нэг үзнэ. Тэгээд дахиад л өөр програм худалдаж авах аялалдаа гарна. Орчин үед муу програм гэж бараг байхгүй, харин муу ашигладаг хүн л гэж үнэхээр байдаг. Бас нэг том хүчин зүйл нь "өмнө ингэж л хийдэг байсан, яг түүгээрээ л хиймээр байна, програм ч тэгж ажиллах ёстой" гэсэн сэтгэлгээ. Програм танайд зориулж өөрчлөгдөх бус, та програмд зориулж процессоо өөрчлөх нь хамгийн зөв зам.

4-р асуудал: Хүмүүсийн эсэргүүцэл

Ихэнх хүмүүс шинэ мэдэхгүй юмнаас айх, өөрчлөлтөд дургүй байх нь түгээмэл. Мэдээж систем нэвтрүүлэх үед том жижиг алдаа, өмнөхөөсөө төвөгтэй ч юм шиг санагдах үе гарах бөгөөд яг энэ үед гал дээр тос нэмдэг хүмүүс "өө, энэ ерөөсөө бүтэхгүй", "хуучин зүгээр болоод л байдаг байсан", "энд ажиллаж байгаа юм гэж алга" гэх мэт байдлыг улам дордуулна. Тэгээд хамгийн буруу юм хийдэг нь: түрхэн зуурын алдаа, борлуулалт, хэрэглэгчийн бухимдал зэргээс хамаарч буцаад хуучнаараа хийх.

5-р асуудал: Процессгүй компани

Аливаа нэг ажлыг яг яаж, ямар арга замаар хийгээд дуусгаад байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл тэрийгээ тайлбарлаж чадахгүй, тухайн нэг ажилтны толгойд л байдаг эсвэл мэдрэмжээрээ хийдэг нөхцөл байдалтай бизнесүүд цөөнгүй бий. Тиймээс тухайн нэг ажил тухайн хүний тухайн өдрийн зан аашнаас хамаарах нь холгүй байдаг бөгөөд ийм ажлыг дижитал болгох үед маш нууц нууц захирал ч мэдэхгүй алдаанууд гарч ирнэ. Иймд байгууллага аливаа нэг ажлыг автоматжуулах гэж байгаа бол эхлээд тухайн процессийг цаасан дээр нарийн задалж гаргах хэрэгтэй бөгөөд ингэснээр яг үүнийг програмаар хийвэл ийм цаг, ийм зардал хэмнэх юм байна гэдгийг тооцоолох, хэмжих боломжтой болдог.

Яагаад Дижитал шилжилтийг хийх вэ?

Дижитал хэрэглэгч:

Саяхан E-Mongolia гээд төрийн үйлчилгээг цахим руу шилжүүлэх том ажил эхэлснийг та хэдийнээ сонссон байх. Гэвч магадгүй, бидний аав ээж, ах эгчийн үеийнхэн ийм үйлчилгээ гарсан ч танхимд очиж дугаарлан зогссоор л байгаа байх. Харин бидний дараагийн үе буюу дижитал эринд төрсөн, гар утас, апп, вэб, ер нь технологийг анхнаасаа хэнээр ч заалгахгүй хэрэглэж сурсан үеийнхэн яах талаар та одооноос бодож үзээрэй.

Тэд хүссэн ч, хүсээгүй ч тун удахгүй айл гэр болж, тусдаа гарч, манай улсын нийгэм, эдийн засгийн харилцааг гол бүрдүүлэгчид болно. Харин тэр үед уламжлалт бизнес үйлчилгээг тэд төдийлөн хүлээж авахгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та уламжлалт арга барилаар бизнесээ үргэлжлүүлвэл нэг стартапт маш хурдан зах зээлээ алдах болно гэсэн үг.

Байгууллагын бүтээмж:

Цахим шилжилтийн хамгийн гол үр дүн нь өрсөлдөх чадварыг нэмэх, бүтээмжийг дээшлүүлэх, байж болох хамгийн бага зардлаар ажиллах гэх мэт асуудлыг шийддэг.

Цахим шилжилт нэвтэрснээр CEO та юу харж чаддаг болох вэ?

Товчхон хэлбэл та тоогоор компаниа удирдаж чаддаг болно. Тоо бол магадгүй, хамгийн маргаангүй үнэнийг хэлэх үзүүлэлт байх. Дорж өөрийн ажлаа сайн хийсэн гэж амаараа хэлэх нэг асуудал, харин тоон үзүүлэлт нь яг хэлсэн шиг нь байна уу?

Дүгнэлт:

Бизнесийн дижитал шилжилтийг хийх хамгийн зөв зам энэ л юм байна гэсэн тогтсон арга байхгүй бөгөөд хүн бүр өөрийн замаар явж энэ шилжилтийг хийх болно. Бас нэг зүйл нь энэ бол эцэс төгсгөлгүй процесс бөгөөд одоо л дууслаа, болчихлоо гэж үзвэл магадгүй, энэ нь өсөлт хөгжилтөө зогсоож байгаатай адил зүйл юм. Өөрчлөлт хэцүү ч өөрчлөгдөж чадсан нь л энэ ширүүн өрсөлдөөн дунд үлдэж чадна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Та бизнесийн дижитал шилжилтэд бэлэн үү? Компаниа шинэ түвшинд гаргахад бэлэн үү?